Sunday, November 30, 2025

Сэтгэлгээний "дундаж давхарга" арай л нимгэхэн байна

Монголын нийгэм аливаа мэдээлэл, хов жив, шуугианд хэтэрхий савалгаатай байгаа нь зөвхөн хүний цөөндөө биш харин аливаа мэдээллийг нягталж, шүүн тунгаах чадвар бүхий сэтгэлгээний өөрийн гэсэн хэв маягтай болсон хүмүүс нь арай цөөхөн байдгаас болж байх шиг санагддаг.

Дундаж давхарга гэж зөвхөн орлого, хөрөнгөөр биш бас эрүүл сэтгэлгээгээр хэмжигдэж болох юм.

Аливаад наанатай цаанатай хандаж чаддаг, бичсэн зүйлээс гол агуулгыг нь зөв олж харж чаддаг, уншсан, сонссон зүйлээ шүүн тунгааж чаддаг "сэтгэлгээний дундаж" давхарга гэчихээр хүмүүс маань арай л цөөдөөд байх шиг ээ.

Тэднийгээ нэмэгдүүлэхийн тулд хүүхэд байхаас нь гайгүй хэдэн ном уншуулж авах хэрэгтэй байдаг.

Гэтэл улс даяараа унших чадвар уначихаад байдаг, яадаг юм бил ээ?

Friday, November 28, 2025

Хүмүүжил боловсролоос илүү хэрэгтэй

Өнөөдөр Монголд дунд сургуулиуд үсэг зааж эхлэхтэйгээ зэрэгцээд хүүхдүүд хоорондоо яаж харилцах, яаж бусдад саад болохгүй байхыг заах хэрэгтэй байна. 

Бусад хүүхдийг түлхдэг, малгай толгой, хувцас хунарыг нь зулгаадаг, харандааг нь аваад хугалчихдаг, дэвтэр дээр нь зурчихдаг, цавууг нь авчихаад өгдөггүй, идэж байгаа хоолыг нь зүгээр аваад идчихдэг хүүхэд хүртэл байх юм.

Ээж аав нь гэж ямар ч хүмүүс байдаг юм бүү мэд.

Wednesday, November 26, 2025

"Эхлээд хадгал, Үлдсэнийг нь үр" - Warren Buffett

Энэ зөвлөгөөний сэтгэл зүйн үндэслэлийг нь харахын тулд жижигхэн тооцоо хийж үзэе.
Та 100,000 төгрөгний орлого олоод тэндээсээ 10,000-г нь хадгалахаар төлөвлөж гэж бодоё.
"Эхлээд хадгал,үлдсэнийг нь үр" зарчмаар явах юм бол хадгаламжинд хийх 10,000 төгрөг нь таньд байгаа 100,000 төгрөгний 10% байна.
Харин "эхлээд үр,дараа нь хадгал" зарчмаар явж та 80,000 төгрөгөө үрчихээд үлдсэн 20,000 төгрөгөөс 10,000-г нь хадгаламжинд хийе гэж бодоход энэ нь таньд байгаа бүх мөнгөний 50% болж байгаа юм.
Сэтгэл зүйн хувьд байгаа мөнгөнийхөө 10%-ийг хадгаламжинд хийх, байгаа мөнгөнийхөө 50% ийг хадгаламжинд хийх хоёр их өөр байж таарна.
Бүр хамгийн сүүлд үлдсэн 10,000 төгрөгөө хадгаламжинд хийе гэвэл бүр хэцүү байж таарна. Байгаа "бүх" мөнгөө хадгаламжинд хийх хэрэгтэй болж байна гэсэн үг.
Тэгэхээр хуримтлалтай болоё гэвэл цалин буусан өдөр,цалингаа бүтэн байхад нь "мянгахан" төгрөг гэж санагдаж байгаа тэр үедээ хадгаламжиндаа 1000 төгрөг хийчихээрэй, харин хамгийн сүүлд үлдсэн "мянганнннн" төгрөгөө хадгаламжинд хийх гэж өөрийгөө зовоох хэрэг байхгүй.

Greenwashing гэлтгүй ер нь хуурмагаар сайн хүний дүр эсгэгчид хаа сайгүй

Нэг их буянлаг, нийгмийн том асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг, шийддэг юм шиг яриад явдаг хүмүүсийн зарим нь яг үнэндээ бол тэр сэдвийг шийдэх гэж байгаа жинхэнэ хүмүүсийн жинхэнэ хүчин чармайлтын орон зайг устгаж нийгэмд илүү хохирол учруулахын зэрэгцээ өөрсдийнхөө өчүүхэн ажил бизнесийн сурталчилгаа, маркетингийг л хийж явдаг даа. 

Бизнес дээр нь яваад очихоор худал хуурмагаар дүүрэн ажилтнууд нь өөдөөс арзайгаад сууж байдаг. 

Эзнийх нь сэтгэлгээ компанийнх нь соёл, ажилтнуудынх нь хандлага болдог учраас тэр хүний үнэн төрхийг ингэж мэдэж болно.

Гэснээс хэрэглэгчид байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг шийдэхэд дэмтэй бизнесүүдэд илүү талтай ханддаг болохын зэрэгцээ нэг сөрөг зүйл гарч ирсэн нь хуурамч ногоонтнууд буюу ногоон асуудал шийдэж байгаа гэж худлаа ярьж явдаг компани, хувь хүмүүс юм. 

Үүнийг чухам ногоон тархи угаалт буюу greenwashing гэж байна.

Tuesday, November 25, 2025

Кихот ноён зохиолын эцэст эрүүл ухаанаа олж авч, бодит байдлаа олж хардаг бол ихэнх хүмүүс бодит амьдрал дээр бол тийм зүйлтэй учирдаггүй. Эрүүл ухаанаа болж авч, бодит байдлаа олж харж амжилгүй хуурмаг төсөөллийнхөө дунд үхдэг нь харамсалтай юм.

Дэлхийн сонгодог зохиолуудын талаар хэд хэдэн жагсаалт олж үзэхэд Дон Кихот бол айргийн таваас мултрахгүй л байгаа юм.

Гайхамшиг нь юу вэ гэхээр олон л хариултыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс гаргаж ирэх байх. Миний хувьд нэг санааг олж харсан юм.

Энэ бол хүний төсөөлөл бодит байдал хоёрын зөрүүний талаарх илэрхийлэл нь юм. 

Хэдийгээр хөгжилтэй байдлаар харуулсан боловч цаагуураа бол хүн гэдэг амьтан өөрийнхөө тархин дотор үүссэн төсөөлөл, мэдлэг, мэдээллийн хэр хэмжээгээр тодорхойлогддог амьтан. 

Мөн нөгөө талдаа хүний хараанд өртдөг гэрлийн долгионы урт ч өөрийн гэсэн хязгаартай, хүний чихэнд өртдөг дууны долгионы урт ч өөрийн гэсэн хязгаартай, хүний бүх мэдрэмж дээр тийм хязгаартай, тэгэхээр хүн гэдэн амьтан гадаад орчны талаар мэдэж байгаа гэж бодож байгаа зүйл нь үнэндээ бол өөрийнх нь мэдэж байгаагаас өөр гэдэг нь бараг 100% юм.

Ингээд харвал хүний тархи дотроо хязгаарлагдмал, хазгай мурий төсөөлөлтэй, алийг нь зөв сайн гэхэд хэцүү, гаднаа гэвэл юу байгааг бүрэн мэдэх аргагүй хязгаарлагдмал мэдрэмжийн эрхтэнтэй, энэ хоёрыг нийлүүлж байгаад бодож, шийдэж амьдарч байгаагаа бүхнийг мэдэж бүхнийг чадаж байгаа юм шиг үнэнхүү өөртөө итгэлтэй амьдарч яваа гэдэг утгаараа хүн бүр Кихот ноён болчихож байгаа юм.

Кихот ноён зохиолын эцэст эрүүл ухаанаа олж авч, бодит байдлаа олж хардаг бол ихэнх хүмүүс бодит амьдрал дээр бол тийм зүйлтэй учирдаггүй. Эрүүл ухаанаа болж авч, бодит байдлаа олж харж амжилгүй хуурмаг төсөөллийнхөө дунд үхдэг нь харамсалтай юм.


Нэг дүгээр эгнээнд суух хүн олдохгүй байгаагийн учир юу вэ?

Монголд хурал, уулзалт, сургалт дээр танхимын нэг дүгээр эгнээ хамгийн сүүлд дүүрдэг, суух хүн олдохгүй байдгийн учир юу вэ?

Монгол боловсролын тогтолцоо хүмүүсийг яаж ийм болгосон бэ?

Эсвэл нийгмийн тогтолцооноос болж байна уу?

Эсвэл 1930 онд нэг дүгээр эгнээний хүмүүсээ цаазлуулж, хэлмэгдүүлснээс болж байна уу?

Энэ нь өнөөдөр бид нар урдаа барих удирдагчгүй байгаагийн уг шалтгаан байж болох уу?

Дараагийн үедээ хөгжлөө даатгах сэтгэлгээний гажуудал

Манай ах нар залхуу гэхэд арай дэндэж байна аа. 
Улс орноо хөгжүүлэх үүрэг хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлөхийн тулд бидний нэг үе үхэж дуусахаар л нэг хөгжинө гэсэн нэг онол дэвшүүлээд өөрсдөдөө сайхан чөлөө олгочих бололтой юм аа.
Тэгээд өөрсдийнх нь үеийнхэн түрүүчээсээ үхэж эхлэнгүүт үхэж дууссаных нь дараа хөгжих ёстой нөгөө хүмүүсийнхээ төрсөн оныг дахиад нэг арванаар урагшлуулаад л яриад эхлэх бололтой юм аа.
Тэрний дараагийн үеийнхэн нь бас улс орноо хөгжүүлэх үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлөхийн тулд ах нарынхаа аргыг хэрэглэх санаатай юм байлгүй дээ. 
Сүүлийн үед үхэж дууссаных нь дараа улс орон нь хөгжих ёстой, улс орныхоо хөгжилд гай болоод байгаа сэтгэлгээний хоцрогдолтой хүмүүсийнх нь төрсөн он нэлээн наашилчихсан ганц нэг сэтгэгдэл харсан байна шүү. 
Нэг соён гэгээрүүлэгч ахын дэлгэрүүлсэн инноваци ингээд манай нийгмийг нэг сэтгэлгээний гажуудал руу хөтөллөө. 
Дараагийн үедээ улс орныхоо хөгжлийг даатгаж өөрсдөө гагцхүү хар амиа хоохойлох үзэгдэл гэж энэ юм.
Улс орныг одоо амьд байгаа хүн бүхэн хөгжүүлнэ ээ.
Ямар нэгэн үе солигдсоны дараа гэж хойш тавьдаг юм биш ээ л гэж хэлмээр байна.
Худлаа гэвэл Хятадыг хар л даа. Хэрвээ тэд нар Маогийн үеийнхнээ үхэж дуусахаар хөгжинө дөө гээд хүлээж байсан бол өнөөдөр ийм болохгүй л байлаа шүү дээ.
Германыг хар л даа, тэд нар дайны үеийнхнээ үхэж дуусахаар хөгжинө дөө гээд хүлээж байсан бол өдийд ийм байхгүй л байлаа.

Мөнгөтэй хүмүүс биш мөрөөдөлтэй хүмүүс энэ улс орныг өөрчилнө.

Хүн юу бодох, юу хийх нь хүний л хэрэг шүү дээ.
Гэхдээ улс орон өөрчлөгдөнө, хөгжинө гэсэн итгэлээ бүр алдчихсан хүнтэй заримдаа бас тааралдана.
Ихэнх тохиолдолд амьдрал ахуй нь бүр нэг болохгүй байгаа хүмүүсийг тийм байх нь бий.
Гэхдээ зарим хүний хувьд амжилттай гэж болохоор хүн ямар ч мөрөөдөлгүй, ямар ч итгэл үнэмшилгүй байхыг хараад мөрөөдөлтэй хүмүүс л энэ улс орныг өөрчлөх юм байна гэж бодлоо.

Friday, November 21, 2025

Чингис хаан, Хиймэл оюуны chatgpt ингэж хариулж байна

 Чингис хаан бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн удирдагчдын нэг, дэлхийн хамгийн өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг байгуулсан цэргийн стратегич, зохион байгуулагч, хууль тогтоогч юм. Түүний тухай товч боловч цэгцтэй мэдээллийг доор өгье.


Чингис хаан гэж хэн байсан бэ?

Чингис хаан (1162–1227) – Монголын Их эзэнт гүрний үндэслэгч, нэгдлийн эцэг, дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай байлдан дагуулагчдын нэг.

Түүнийг төрөхөд Тэмүжин гэдэг байсан. Өнөөгийн Хэнтий аймгийн нутагт, Есүхэй баатрын гэр бүлд төрсөн.


Яагаад түүхэн хүн болж үлдсэн бэ?

1. Монголын овгуудыг нэгтгэсэн

12–р зууны Монгол нутаг олон жижиг овог аймаг, хоорондоо тэмцэлтэй байлаа. Тэр энэ бүхнийг нэгтгэн Монголын нэгдсэн улс байгуулсан. Энэ нь түүний хамгийн том гавьяаных нь нэг.

2. Дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулсан

Тэр болон түүний залгамжлагчид Зүүн Азиас Зүүн Европ хүртэл нутгийг захирсан. Энэ бол түүхэнд байсаар ирсэн хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн.

3. Цэргийн суут стратегич

  • Морин цэргийн давуу тал

  • Тагнуул, элч, мэдээллийн систем

  • Дайнд тактикийн уян хатан байдал

  • Шинэ технологи өөрийн болгож ашиглах чадвар
    Гэх мэт олон шинэчлэлийг нэвтрүүлсэн.

4. Их засаг хуулийг бий болгосон

Мэдээлэл дамжуулалт, татвар, цэргийн алба, гэр бүлийн хууль, элчин харилцаа зэрэг бүх талын зохицуулалтыг хийсэн төвлөрсөн хууль, дэг журам байгуулсан.

5. Соёл, худалдааг дэлхийд холбосон

Түүний байгуулсан энхийн зам, харилцааны тогтолцоогоор:

  • Торгоны зам дахин сэргэж

  • Худалдаа эрс нэмэгдэж

  • Шинжлэх ухаан, арга технологи тив хооронд дамжин түгэн

  • Элч, худалдаачид, лам нар аюулгүй зорчих боломжтой болсон.


Түүхэн үнэлгээ

Чингис хааныг зөвхөн байлдан дагуулагч гэж биш, модерн төрийн системийг бий болгосон, холбоо харилцааны сүлжээ байгуулсан, дэлхийн худалдааны интеграцийг эхлүүлсэн удирдагч гэж орчин үеийн түүхчид үздэг.


Монголчуудад ямар утга учиртай вэ?

  • Монгол улсын үндэсний дархлаа, тусгаар тогтнолын бэл символ

  • Удирдлагын арга ухааны сургалт, үлгэр жишээ

  • Нэгдэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг

  • Мартагдашгүй соёл, түүхийн өв

Сэтгэлгээний "дундаж давхарга" арай л нимгэхэн байна

Монголын нийгэм аливаа мэдээлэл, хов жив, шуугианд хэтэрхий савалгаатай байгаа нь зөвхөн хүний цөөндөө биш харин аливаа мэдээллийг нягталж, ...