Monday, January 12, 2026

Дэлхий дээр өөрийгөө "ХЭН" гэдгийг мэддэг цөөхөн хүн байдаг.

Дэлхий дээр өөрийгөө "ХЭН" гэдгийг мэддэг цөөхөн хүн байдаг.
Тэд өөртөө тохирсон "АМЖИЛТ"-тай амьдарч чаддаг.
Бусад нь "хэн" гэдгээ мэдэхгүй "унтаа" чигээрээ явсаар дуусдаг!
Уг нь болдогсон бол хүн болгох "сэрэх" ёстой юм.
Тэгэхийн тулд "Би хэн бэ?" гэж өөрөөсөө асуух ёстой юм.

"Муу нөхцөлийг нөхөр болгох анхааран авал оршвой."

Нэг ийм сонирхолтой бичвэр олоод хааяа эргэж харахаар шийдэж энд оруулав.

Зохиогч: За балбрүл Жигмэдчойживанбу.

Орчуулсан: Эрдэнэ Гүндсампил

1. Жаргахуйд бүү баярла, зовохуйд баярла
Жаргахуйд таван хорт нисваанис бадрана.
Зовохуйд хураасан муу үйл барагдана
Зовлон нь багшийн нигүүлсэл мөн.
2. Магтахуйд бүү баярла, муулахуйд баярла
Магтахуйд омог дээрэнгүй сэтгэл арвижна
Муулахуйд өөрийн гэм илрэн гарна
Бусдын хэл ам нь бурхны өв бэлэг.
3. Өндөрт бүү баярла, доодод баярла
Өндөрт хүрэхүйд атаа, омог төрнө
Доодод сэтгэл уужим, буяны үйл арвижна
Доод газар нь дээдсийн суурьших орон.
4. Баяжихуйд бүү баярла, хорогдохуйд баярла
Баяжихуйд хураан, сахих зовлон ихсэнэ
Хорогдохуйд хатуужил дааж, номыг бүтээнэ
Гуйлгачин бие нь номчийн зорих орон.
5. (Бусад) Өгөхүйд бүү баярла, (Бусад) булаахуйд баярла
Өгөхүйд өр төлөөс, ачаа нэмэгдэнэ.
Булаахуйд олон төрлийн өр барагдана
Ханан мэдэл нь хутагтын оройн эрдэнэ.
6. Саданд бүү баярла, дайсанд баярла
Садан нь гэтлэхүйн мөрд саад болно
Дайсанг тэсвэр хүлцэлийн оронд үйлд
Амтыг тэнцүүлэх анхааран авлын аньс шүү.
7. Номчлон зохиохуйд тэр адил хэрэгтэй
Шийдэж зориглохуйд тэр адил хэрэгтэй
Агуйд суухуйд тэр адил хэрэгтэй
Оронг хэсүүчлэхүйд тэр адил хэрэгтэй.

Sunday, November 30, 2025

Сэтгэлгээний "дундаж давхарга" арай л нимгэхэн байна

Монголын нийгэм аливаа мэдээлэл, хов жив, шуугианд хэтэрхий савалгаатай байгаа нь зөвхөн хүний цөөндөө биш харин аливаа мэдээллийг нягталж, шүүн тунгаах чадвар бүхий сэтгэлгээний өөрийн гэсэн хэв маягтай болсон хүмүүс нь арай цөөхөн байдгаас болж байх шиг санагддаг.

Дундаж давхарга гэж зөвхөн орлого, хөрөнгөөр биш бас эрүүл сэтгэлгээгээр хэмжигдэж болох юм.

Аливаад наанатай цаанатай хандаж чаддаг, бичсэн зүйлээс гол агуулгыг нь зөв олж харж чаддаг, уншсан, сонссон зүйлээ шүүн тунгааж чаддаг "сэтгэлгээний дундаж" давхарга гэчихээр хүмүүс маань арай л цөөдөөд байх шиг ээ.

Тэднийгээ нэмэгдүүлэхийн тулд хүүхэд байхаас нь гайгүй хэдэн ном уншуулж авах хэрэгтэй байдаг.

Гэтэл улс даяараа унших чадвар уначихаад байдаг, яадаг юм бил ээ?

Friday, November 28, 2025

Хүмүүжил боловсролоос илүү хэрэгтэй

Өнөөдөр Монголд дунд сургуулиуд үсэг зааж эхлэхтэйгээ зэрэгцээд хүүхдүүд хоорондоо яаж харилцах, яаж бусдад саад болохгүй байхыг заах хэрэгтэй байна. 

Бусад хүүхдийг түлхдэг, малгай толгой, хувцас хунарыг нь зулгаадаг, харандааг нь аваад хугалчихдаг, дэвтэр дээр нь зурчихдаг, цавууг нь авчихаад өгдөггүй, идэж байгаа хоолыг нь зүгээр аваад идчихдэг хүүхэд хүртэл байх юм.

Ээж аав нь гэж ямар ч хүмүүс байдаг юм бүү мэд.

Wednesday, November 26, 2025

"Эхлээд хадгал, Үлдсэнийг нь үр" - Warren Buffett

Энэ зөвлөгөөний сэтгэл зүйн үндэслэлийг нь харахын тулд жижигхэн тооцоо хийж үзэе.
Та 100,000 төгрөгний орлого олоод тэндээсээ 10,000-г нь хадгалахаар төлөвлөж гэж бодоё.
"Эхлээд хадгал,үлдсэнийг нь үр" зарчмаар явах юм бол хадгаламжинд хийх 10,000 төгрөг нь таньд байгаа 100,000 төгрөгний 10% байна.
Харин "эхлээд үр,дараа нь хадгал" зарчмаар явж та 80,000 төгрөгөө үрчихээд үлдсэн 20,000 төгрөгөөс 10,000-г нь хадгаламжинд хийе гэж бодоход энэ нь таньд байгаа бүх мөнгөний 50% болж байгаа юм.
Сэтгэл зүйн хувьд байгаа мөнгөнийхөө 10%-ийг хадгаламжинд хийх, байгаа мөнгөнийхөө 50% ийг хадгаламжинд хийх хоёр их өөр байж таарна.
Бүр хамгийн сүүлд үлдсэн 10,000 төгрөгөө хадгаламжинд хийе гэвэл бүр хэцүү байж таарна. Байгаа "бүх" мөнгөө хадгаламжинд хийх хэрэгтэй болж байна гэсэн үг.
Тэгэхээр хуримтлалтай болоё гэвэл цалин буусан өдөр,цалингаа бүтэн байхад нь "мянгахан" төгрөг гэж санагдаж байгаа тэр үедээ хадгаламжиндаа 1000 төгрөг хийчихээрэй, харин хамгийн сүүлд үлдсэн "мянганнннн" төгрөгөө хадгаламжинд хийх гэж өөрийгөө зовоох хэрэг байхгүй.

Greenwashing гэлтгүй ер нь хуурмагаар сайн хүний дүр эсгэгчид хаа сайгүй

Нэг их буянлаг, нийгмийн том асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг, шийддэг юм шиг яриад явдаг хүмүүсийн зарим нь яг үнэндээ бол тэр сэдвийг шийдэх гэж байгаа жинхэнэ хүмүүсийн жинхэнэ хүчин чармайлтын орон зайг устгаж нийгэмд илүү хохирол учруулахын зэрэгцээ өөрсдийнхөө өчүүхэн ажил бизнесийн сурталчилгаа, маркетингийг л хийж явдаг даа. 

Бизнес дээр нь яваад очихоор худал хуурмагаар дүүрэн ажилтнууд нь өөдөөс арзайгаад сууж байдаг. 

Эзнийх нь сэтгэлгээ компанийнх нь соёл, ажилтнуудынх нь хандлага болдог учраас тэр хүний үнэн төрхийг ингэж мэдэж болно.

Гэснээс хэрэглэгчид байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг шийдэхэд дэмтэй бизнесүүдэд илүү талтай ханддаг болохын зэрэгцээ нэг сөрөг зүйл гарч ирсэн нь хуурамч ногоонтнууд буюу ногоон асуудал шийдэж байгаа гэж худлаа ярьж явдаг компани, хувь хүмүүс юм. 

Үүнийг чухам ногоон тархи угаалт буюу greenwashing гэж байна.

Tuesday, November 25, 2025

Кихот ноён зохиолын эцэст эрүүл ухаанаа олж авч, бодит байдлаа олж хардаг бол ихэнх хүмүүс бодит амьдрал дээр бол тийм зүйлтэй учирдаггүй. Эрүүл ухаанаа болж авч, бодит байдлаа олж харж амжилгүй хуурмаг төсөөллийнхөө дунд үхдэг нь харамсалтай юм.

Дэлхийн сонгодог зохиолуудын талаар хэд хэдэн жагсаалт олж үзэхэд Дон Кихот бол айргийн таваас мултрахгүй л байгаа юм.

Гайхамшиг нь юу вэ гэхээр олон л хариултыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс гаргаж ирэх байх. Миний хувьд нэг санааг олж харсан юм.

Энэ бол хүний төсөөлөл бодит байдал хоёрын зөрүүний талаарх илэрхийлэл нь юм. 

Хэдийгээр хөгжилтэй байдлаар харуулсан боловч цаагуураа бол хүн гэдэг амьтан өөрийнхөө тархин дотор үүссэн төсөөлөл, мэдлэг, мэдээллийн хэр хэмжээгээр тодорхойлогддог амьтан. 

Мөн нөгөө талдаа хүний хараанд өртдөг гэрлийн долгионы урт ч өөрийн гэсэн хязгаартай, хүний чихэнд өртдөг дууны долгионы урт ч өөрийн гэсэн хязгаартай, хүний бүх мэдрэмж дээр тийм хязгаартай, тэгэхээр хүн гэдэн амьтан гадаад орчны талаар мэдэж байгаа гэж бодож байгаа зүйл нь үнэндээ бол өөрийнх нь мэдэж байгаагаас өөр гэдэг нь бараг 100% юм.

Ингээд харвал хүний тархи дотроо хязгаарлагдмал, хазгай мурий төсөөлөлтэй, алийг нь зөв сайн гэхэд хэцүү, гаднаа гэвэл юу байгааг бүрэн мэдэх аргагүй хязгаарлагдмал мэдрэмжийн эрхтэнтэй, энэ хоёрыг нийлүүлж байгаад бодож, шийдэж амьдарч байгаагаа бүхнийг мэдэж бүхнийг чадаж байгаа юм шиг үнэнхүү өөртөө итгэлтэй амьдарч яваа гэдэг утгаараа хүн бүр Кихот ноён болчихож байгаа юм.

Кихот ноён зохиолын эцэст эрүүл ухаанаа олж авч, бодит байдлаа олж хардаг бол ихэнх хүмүүс бодит амьдрал дээр бол тийм зүйлтэй учирдаггүй. Эрүүл ухаанаа болж авч, бодит байдлаа олж харж амжилгүй хуурмаг төсөөллийнхөө дунд үхдэг нь харамсалтай юм.


Дэлхий дээр өөрийгөө "ХЭН" гэдгийг мэддэг цөөхөн хүн байдаг.

Дэлхий дээр өөрийгөө "ХЭН" гэдгийг мэддэг цөөхөн хүн байдаг. Тэд өөртөө тохирсон "АМЖИЛТ"-тай амьдарч чаддаг. Бусад нь ...