Улс орноо хөгжүүлэх үүрэг хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлөхийн тулд бидний нэг үе үхэж дуусахаар л нэг хөгжинө гэсэн нэг онол дэвшүүлээд өөрсдөдөө сайхан чөлөө олгочих бололтой юм аа.
Тэгээд өөрсдийнх нь үеийнхэн түрүүчээсээ үхэж эхлэнгүүт үхэж дууссаных нь дараа хөгжих ёстой нөгөө хүмүүсийнхээ төрсөн оныг дахиад нэг арванаар урагшлуулаад л яриад эхлэх бололтой юм аа.
Тэрний дараагийн үеийнхэн нь бас улс орноо хөгжүүлэх үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлөхийн тулд ах нарынхаа аргыг хэрэглэх санаатай юм байлгүй дээ.
Сүүлийн үед үхэж дууссаных нь дараа улс орон нь хөгжих ёстой, улс орныхоо хөгжилд гай болоод байгаа сэтгэлгээний хоцрогдолтой хүмүүсийнх нь төрсөн он нэлээн наашилчихсан ганц нэг сэтгэгдэл харсан байна шүү.
Нэг соён гэгээрүүлэгч ахын дэлгэрүүлсэн инноваци ингээд манай нийгмийг нэг сэтгэлгээний гажуудал руу хөтөллөө.
Дараагийн үедээ улс орныхоо хөгжлийг даатгаж өөрсдөө гагцхүү хар амиа хоохойлох үзэгдэл гэж энэ юм.
Улс орныг одоо амьд байгаа хүн бүхэн хөгжүүлнэ ээ.
Ямар нэгэн үе солигдсоны дараа гэж хойш тавьдаг юм биш ээ л гэж хэлмээр байна.
Худлаа гэвэл Хятадыг хар л даа. Хэрвээ тэд нар Маогийн үеийнхнээ үхэж дуусахаар хөгжинө дөө гээд хүлээж байсан бол өнөөдөр ийм болохгүй л байлаа шүү дээ.
Германыг хар л даа, тэд нар дайны үеийнхнээ үхэж дуусахаар хөгжинө дөө гээд хүлээж байсан бол өдийд ийм байхгүй л байлаа.
No comments:
Post a Comment